Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд ДСЦТС ХК-ийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргал 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. ДСЦТС ХК нийт 19 нэр төрлийн ажлыг 7,7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГҮЙЦЭТГЭЛ 82 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА. Төлөвлөгөөний дагуу шугам сүлжээгээ өргөтгөх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа талаар танилцууллаа. Иргэдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахын тулд агаарын шугамыг шинээр барьж, трансформаторуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа талаарх тоо баримт тайлан мэдээллийг хүргэсэн. ДСЦТС ХК-ийн тухайд Гамшгийн эрсдлийн үнэлгээ болон Байгаль орчны үнэлгээг энэ жил шинэчилсэн бөгөөд ХАБЭА-н чиглэлээр хийгдсэн ажлын товч тайланг танилцууллаа. Уулзалтын үеэр Дэд сайд хэлсэн үгэндээ: “ Жилдээ 100-180 км шугам, 2-3 дэд станцыг шинээр барьж хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээс гадна програм хангамжтайгаа дээрх ажлуудаа уялдуулан цогцоор нь шийдэж байгаа нь салбарын хэмжээнд жишиг болж байна” гэлээ.