Хэмжүүр Тоолуурын Лабораторийн Албаны танилцуулга
          Хэмжүүр Тоолуурын Лабораторийн Алба нь 1966 оны 6-р сард Дархан-Сэлэнгийн районы ЦШС-ний газрын “Хэмжүүрийн хэсэг” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1969 оноос “Шалгах группын лаборатори” болон зохион байгуулагдан ажилласан. 1972 оноос гэрэл борлуулах албатай нийлж Тоолуурын лаборатори тусдаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1988 оны 3-р сард ТЭХҮЯамны шийдвэрээр эрчим хүчний хяналт хэмжүүрийн Дархан дахь салбар болон бие даасан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1993 онд “ДСЦШС”-ний газарт шилжсэн. 
          2005 оны 1-р сард компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Цахилгаан Хэмжүүрийн Лаборатори” нэртэй шинээр байгуулагдсан. 2010 оноос “Хэмжүүр Тоолуурын Лабораторийн Алба” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Албаны дарга 1, Хэмжүүрийн инженер 1, Электроникийн инженер 1, Тооцооны техникч 1, Тоолуур тохируулагч 3, Тоолуурын монтёр 3, Хэмжүүрийн монтёр 2, Тоолуур хэмжих хэрэгсэл хүлээн авагч олгогч 1 гэсэн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнээс магистр 2, бакалавр 10, тусгай дунд боловсролтой 1 ажилтантай. Манай лаборатори нь СХЗГазраас олгосон тусгай зөвшөөрөл, итгэмжлэлийн хүрээнд тоолуур, хэмжих хэрэгслийг засварлах, шалгалт тохируулга хийх, суурилуулах эрхтэйгээр итгэмжлэгдэн ажиллаж байна. Мөн цахилгаан хэмжих хэрэгсэл дээрх эрчим хүчний алдагдлыг тооцоолох, бууруулах арга хэмжээг авч компанийн эзэмшлийн түгээх сүлжээнд холбогдсон цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоолуурын бүртгэлийг хөтөлж, хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг. 
     Тус лаборатори нь Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймгийн Угтаал, Борнуур, Жаргалант, Цээл, Сүмбэр сумдын дэд станц, хуваарилах байгууламжийн технологийн тоолуур, хэмжих хэрэгслийн ашиглалт засвар, цахилгаан эрчим хүч хэрэглэгч аж ахуй нэгж, байгууллага, айл өрхийн тоолуурын засвар, шалгалт тохируулгыг хийж хэмжих хэрэгслийн ашиглалтын найдвартай ажиллагааг ханган Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймгийн СХЗХэлтэсүүдтэй гэрээ байгуулан ажиллаж Хэмжил зүйн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. 
Хэмжүүр Тоолуурын лабораторийн алба нь Монгол улсын Эрчим хүчний хууль болон Хэмжил зүйн тухай хуулийн хүрээнд компанийн эрхэм зорилготой уялдуулж “ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН УРАГШИЛЖ, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ХАМГИЙН БАГА АЛДАГДАЛТАЙГААР ТҮГЭЭЖ, ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ” хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажлыг мэргэжлийн түвшинд орчин үеийн өндөр нарийвчлалтай эталон тоног төхөөрөмж ашиглан хэмжлийн үр дүнг үнэн зөв гаргах, MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” олон улсын стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоо, ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажлын чанарыг тогтвортой дээшлүүлэхэд үндсэн зорилго оршино.